Сан

Далай Ламын Гандан Потан санг Дээрхийн Гэгээнтэн XIV  Далай Лам Данзанжамц 2015 онд Швейцарын Холбооны Иргэний хууль тогтоомжийн 80 дугаар зүйлд заасны дагуу Швейцарын Цюрих кантоны суурин газарт байгуулсан болно. Энэхүү сан нь Далай Ламын шашин, оюун санааны үйл хэрэгт хамаарах уламжлал, институцийг хадгалах, дэмжих зорилготой байгуулагдсан юм.

Юуны түрүүнд тус сан нь Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын эрхэмлэж буй дараах үнэт зүйлс, үүргийг дэмжихэд оршино. Үүнд:

  • Хүний үндсэн үнэт зүйлсийг дэлгэрүүлэх;
  • Дэлхийн шашнуудын хоорондын ойлголцол, эв нэгдлийг дэмжих;
  • Энх тайван болон үл хүчирхийлэх зарчмыг дэлгэрүүлэх;
  • Байгаль орчныг хамгаалах;
  • Харилцан ойлголцлыг бий болгохын тулд шинжлэх ухаан ба шашин хоорондын яриа хэлэлцээг дэмжих.

Түүнчлэн, тус сан нь Төвөд соёлыг дэлгэрүүлэх, Төвөд ард түмнийг дэмжих, мөн үндэс, шашин шүтлэг, гарал үүслийн ялгааг үл харгалзан бусад хүмүүст туслах зорилготой.

Далай Ламын Гандан Потан сан нь богино болон урт хугацааны зорилтод нийцсэн төсөл, санаачилгыг сонгон, чиглэлтэйгээр санхүүжүүлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Мөн дэлхий даяарх хүмүүнлэгийн хямралын үед яаралтай тусламж шаардлагатай хүмүүнлэгийн байгууллагуудад тогтмол хандив өгдөг.

Тус сан нь арилжааны зорилго агуулаагүй, ашгийн төлөө бус бөгөөд Цюрих мужид татвараас чөлөөлөгдсөн. Үүсгэн байгуулагч болон олон нийтийн хандиваар санхүүждэг бөгөөд үүсгэн байгуулагч Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламаар ахлуулсан Удирдах зөвлөл удирдана. Далай Ламын Гандан Потан сан нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тул Швейцарийн Холбооны Дотоод Хэргийн Яамны хяналтад байдаг.

Тус сангийн алба нь Швейцарын Цюрих хотод байрладаг бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг Удирдах зөвлөлийн гишүүдтэй нягт уялдаатайгаар зохицуулан ажилладаг.

Бидний тухай
Далай Лам
Сан
Төлөөлөн удирдах зөвлөл